Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгс болно
Аргын тооллын 2023 оны арванхоёрдугаар сарын 15. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын билгийн тооллын 3. Сугар гараг. Элдэв тэнгэртэн одтой, есөн улаан мэнгэтэй, улаагчин хонь өдөр.
Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгс болно хэмээжээ.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны зургаадугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 33-38 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.
2026 оны зургаадугаар сарын 17-ноос
2026 оны зургаадугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудийн нутгийн баруун хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 32-37 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
Цаг үе
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ. Тус аян нь хүүхэд, залуус, иргэд олон нийтэд эрсдэлийг таньж мэдэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, дадлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн бөгөөд олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Энэ хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус аяны нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, хүүхэд багачууд “Бяцхан аврагчийн аялал” 7 өртөөт аялалын тоглоомоор тоглож, “Үер, усны ослыг бууруулахад хүүхэд бидний оролцоо” санал хүсэлтийн самбарт уриалга сэтгэгдлээ үлдээн, хүүхдүүдийн флаш моб бүжиг, танин мэдэхүйн АХА тэмцээнд оролцож, гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, усанд осолдох үеийн анхны тусламж үзүүлэх мэдлэг дадлагад суралцлаа.

Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Ч.Урангоо, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын сургалт судалгаа мэдээллийн төвийн захирал М.Чанцалсүрэн нар оролцож, үер, усны аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгээ дээшлүүлж, аюулгүй байдлаа хангахыг олон нийтэд уриалсан юм.

"Усыг бүү бас" аян нь гурван сарын турш үргэлжлэх бөгөөд эрсдэлийг үл тоомсорлох бус урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалах мэдлэг, соёлд суралцаж, аюулгүй амьдралын төлөө хамтдаа манлайлан оролцохыг нийт иргэд, олон нийтэд уриалж байна.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 45.446 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, 2623 иргэн амь насаа алдсаны 516 нь хүүхэд байна. Эдгээр амь насаа алдсан хүүхдүүдийн 45 хувь нь усны ослын улмаас эндсэн тоо баримт бүртгэгдсэн нь маш том сургамжийг өгч, хүн бүр урьдчилан сэргийлэгч байхыг сэрэмжлүүлж буй дохио юм.
Цаг үе
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 47 мянга орчим нэгж цус цуглуулжээ
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан цусны донорууд болон донорын хөдөлгөөнийг дэмжин ажилладаг байгууллагуудыг алдаршуулах ёслолыг өчигдөр зохион байгуужээ.
Хүндэтгэлийн ёслолыг ЦССҮТ-ийн захирал Б.Нарантуяа нээж үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Л.Соронзонболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Монголын донорын холбоо ТББ-ын ерөнхийлөгч М.Сосорбарам, БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнаран болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Ёслолын үеэр донор хамт олон, хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч болон сурталчлагч байгууллага зэрэг таван номинациар шилдэг хамтран ажиллагч байгууллагуудыг шалгаруулж талархал илэрхийлэн шагнал гардууллаа. Мөн цусны донорын хүмүүнлэгийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Топ донор” нэг, Алтан, Мөнгөн, Хүрэл болон Хүндэт донорын болзол хангасан 100 орчим донорыг алдаршуулж, хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улс 2016 оноос 100 хувь сайн дурын, авлагагүй цусны донорын тогтолцоонд бүрэн шилжсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 210 мянга гаруй бүртгэлтэй донортой, үүнээс 46 мянга орчим нь байнгын идэвхтэй донор байна. ЦССҮТ нь 2025 онд улсын хэмжээнд 47 мянга орчим нэгж цус цуглуулж, 129 мянга гаруй нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэн эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлсэн байна.
