Улстөр нийгэм
“Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу уг ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төрийн ордны "Их Хуралдай" танхимд боллоо.
Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, үе үеийн Улсын Их Хурлын дарга нарын төлөөлөл, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд болон мөн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн болон Олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчид, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд уригдан оролцсон юм.
Хүндэтгэлийн хуралдааныг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар /бүрэн эхээрээ эндээс/ үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь дэлхийн хаана байгаа, хэн байхаас үл хамааран хүн бүр угаас заяасан үнэ цэн, нэр хүнд, нандин чанар, салшгүй эрхтэй гэдгийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа тунхаглаж, хүлээн зөвшөөрсөн түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм. Түүнчлэн Хүний эрхийг хамгаалах нь орчин үеийн парламентын нэн чухал чиг үүрэг болохыг Олон Улсын Парламентын Холбоо тунхагласан. Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноос хойш өнөөдрийг хүртэл нийт 294 олон талт олон улсын гэрээг соёрхон баталсан. Тэдгээрээс хүний эрхийн суурь найман конвенц, тэдгээрийг дагалдах 40 гэрээнд нэгдээд байна. Эдгээр гэрээ, пакт болон НҮБ, олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ Монгол Улс биелүүлэхийн төлөө байнгын хүч чармайлт тавьж, тайлан илтгэлүүдээ хүргүүлж, дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж буйг онцлов.
Мөн Тунхаглал нь зөвлөмжийн шинжтэй баримт бичиг боловч хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, улс орнуудын Үндсэн хууль, хууль тогтоомжийн үндэс болсоор ирсэн. Энэ утгаараа Тунхаглалын үзэл санаа 1992 онд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуульд бүрэн тусгалаа олж, хүний салшгүй эрхийг анх удаа бүрэн цогцоор нь баталгаажуулсныг тэмдэглэж байлаа.
Үндсэн хуулийнхаа энэхүү үзэл баримтлалд суурилсан “Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөө”-нд “ард түмний засаглах эрхийг хангах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх” нь эрхэм зорилго мөн хэмээн тодорхойлсон. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд “Гурван D” буюу “Digital”, “Deliberative”, “Democratic” парламент болох Шинэчлэлийн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд хууль тогтоомжийн төсөлд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийдэг аргачлалыг хэвшүүлж, “Хүний эрхийг дээдлэгч” парламент байхаа зарласан. Улсын Их Хурал, ОУПХ-той хамтран Хүний эрх, жендерийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг өнгөрсөн сард хийлээ. Хүний эрхийн өөрийн үнэлгээг ОУПХ-ноос баталсан аргачлалын дагуу анх удаа хийсэн парламент нь Монгол Улсын Их Хурал болсныг Улсын Их Хурлын дарга мэдэгдсэн юм.
Түүнчлэн хүний эрхийг хамгаалах тогтолцооны асуудлыг авч үзэхдээ хэн зөрчих боломжтой вэ гэдэгт илүү анхаарах ёстой. Тэгвэл хүний эрхийг зөрчих, хязгаарлах гол субъект нь Төр өөрөө байдаг байна. Тиймээс төрийн эрх мэдлийг хуваарилах, хуулийн засаглалыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгааг тодотгоод Төр бол ердөө л хүний эрхийг хангах тогтолцоо юм. Төр гагцхүү хуулиар зөвшөөрсөн хүрээнд ажиллаж, шийдвэр гаргах үүрэгтэй, харин иргэн хуулиар хориглоогүйг хийх эрхтэй гэдгийг бид ямагт санаж байх учиртай гэв.
Улсын Их Хурал хүний эрхийг хамгаалах тогтолцоог эрх зүйн шинэчлэлээр дэмжих чухал алхмууд хийснийг тэмдэглээд хүний эрхийг хуулиар хязгаарлаж болох боловч тэр нь зөвхөн бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах зайлшгүй шаардлагаас л хийгддэг. Аливаа хэлмэгдүүлэлтээс хүн бүр ангид байх ёстой. Үүний нөгөө талд ял завших байдал хэрхэвч байж болохгүй гэдгийг Улсын Их Хурлын дарга анхааруулж байлаа.
Монгол Улс хүн засагладаг биш, хууль засагладаг, хууль нь хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалдаг, хангадаг тогтолцоо бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгож байна. Хууль дээдэлдэг, хууль нэг мөр үйлчилдэг нийгэмд л хүн эрх чөлөөтэй амьдардаг. Тиймээс эрх чөлөөнийхөө эзэн байх эрхийг иргэдэдээ эдлүүлэх үүрэг, хариуцлага Монгол төрийнх юм гэв.
Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсөлд, Монгол Улс Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санаанд үнэнч байж, тууштай сахисаар ирсэн, цаашид ч хэлбэрэлтгүй мөрдөж, хүний эрхийг хамгаалах дэлхий нийтийн үйлсэд хувь нэмрээ оруулах эрмэлзэл төгс байгаагаа нотолж найман санаачилгыг дэвшүүлж байгаагаа мэдэгдээд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдэд уг санаачилгыг дэмжиж, ажил хэрэг болгохыг уриалсан юм.
Хуралдаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн дээд комиссар, ноён Фолкер Тюрк цахимаар мэндчилгээ ирүүлсэн байв.
Тэрбээр мэндчилгээндээ, Одоогоос 75 жилийн өмнө дэлхийн хоёр дайн, геноцид, цөмийн аюул, их хямралд нэрвэгдсэн улс орнууд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хамтдаа баталж, хүн бүрийн эрхийг хамгаалж, баталгаажуулах үүргийг хүлээсэн. Хүйтэн дайн намжиж, дэлхийг хамарсан цахим сүлжээ тэлэх шинэ эрин цагт дэлхий ертөнц дахин нэгдэж 1993 онд Венийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэхүү хоёр түүхэн үйл явдлыг энэ жил тэмдэглэж байгаа нь өндөр ач холбогдолтойг онцолж байлаа.
Эдгээр баримт бичиг нь дэлхий дахинаа эерэг өөрчлөлтүүдийг бодитоор бий болгосон. Хүний эрхийг баталгаажуулах аливаа хүчин чармайлт нь үр дүнтэй шийдвэр гаргах сайн засаглалын цөм болсоор байгааг бид тодоос тод харж байгаа. Хүмүүс эрхээ хамгаалуулах, шударга бус явдлын эсрэг дуу хоолойгоо илэрхийлэх эрх эдлэх болсныг бид “Black Lives Matter”, “Me Too”, “Fridays for Future”, yугуул иргэдийн хөдөлгөөн, эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн жагсаал зэрэг хөдөлгөөнөөс харж болно. Залуус санаа бодлоо илэрхийлэхдээ ихэвчлэн хүний эрхийн хэлээр ярьдаг болсон байна гэв.
Мөн тэрбээр, Хүний эрхийн тэмдэлэлт энэ ойн хүрээнд өнөөдрийн та бүхний хуралдуулж байгаа чуулган шиг үндэсний яриа хэлцэл, арга хэмжээ чухал ач холбогдолтой. Монгол Улс өнгөрсөн жилүүдэд хүний эрхийг хангах чиглэлээр томоохон ахиц гаргасан. Эдгээр ололт амжилтад хүрэхэд УИХ чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Тухайлбал, 2000 онд Хүний эрхийн үндэсний комисс байгуулах, 2003 онд Хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, 2016 онд цаазаар авах ялыг халах, 2021 онд Ази Номхон далайн бүсийн хэмжээнд Хүний эрхийг хамгаалагчдын тухай анхны хуулийг батлахад УИХ өндөр үр нөлөөтэй байсан. Мэдээжийн хэрэг, хэрэгжүүлэх ажил олонтой. Хүний эрх бол эцэс төгсгөлгүй замнал юм. Миний ахлаж байгаа энэхүү алба болон танай улсад байгаа НҮБ-ын төлөөлөгчийн газар та бүхний хүчин чармайлтыг дэмжсээр байх болно гэдгийг тэмдэглэж байлаа.
Хүндэтгэлийн хуралдаан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганы дарга, ноён Деннис Фрэнсисээс ирүүлсэн цахим мэндчилгээгээр үргэлжилсэн юм.
Тэрбээр, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан үг хэлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Тунхаглалаар тогтоосон хэм хэмжээ нь амилаагүй байгаа нь гашуун үнэн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь учиртайг онцолж байлаа.
Дэлхий даяар сая сая хүн зовлонд нэрвэгдэн наад захын эрхээ ч эдэлж чадахгүй байсаар л байна. Үүнийг 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа сорилт бэрхшээл, дэлхий дахинаа газар авсаар л байгаа зөрчил, мөргөлдөөнөөс бид хараад байна. Эдгээр зорилтын хэрэгжилт удааширан орхигдсоор байгаа нь бид бүхний өөрсдийн үйл ажиллаагатай ч зарим тохиолдолд холбоотой байдаг. Уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дагаврыг нь шийдвэрлэх амлалт, хүчин чармайлт хангалтгүй байна. Аливаа маргааныг дайн мөргөлдөөний замаар шийдвэрлэх гэсэн оролдлого нэмэгдсээр байгаа. Ядуурлаас үүдэлтэй нийгмийн тэгш бус байдaл даамжирсаар л байна. Энэ бүхнийг засахын тулд бид бүхэн илүү ихийг хийж чадах бөгөөд хийх ч ёстой хэмээн мэдэгдсэн юм.
Мөн тэрбээр, Хүний эрхийн түгээмэл тунхаглал бол та бидний Алтангадас од юм. Энэ баримт бичигт тулгуурлан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг түргэтгэх, энх тайван, хөгжил дэвшил, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд хүргэх зорилгын дагуу “2024 оны Ирээдүйн төлөөх дээд хэмжээний уулзалт” зэрэг арга хэмжээг зохион байгуулах болно. Энэ бүх чиглэлээр бид үр дүн гаргах үүднээс бүх түвшинд, бүх салбарт хамтран ажиллах болно. Үүнийг хийхийн тулд Монгол Улсын Их Хурал болон дэлхийн улс орнуудын парламентын үүрэг зайлшгүй чухал. Олон талт хэлэлцээрүүд бол улс орон, нийгэм, иргэдийн амьдралыг бодитоор өөрчлөх ажил болж өрнөдгийг парламентууд ойлгож, дэмжиж ажилладаг. Энэ орон зайд л бид иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм, соёлын эрх, түүнчлэн хөгжих эрхийг хангаж чадна. Та бүхний хууль тогтоох, хянах, төсөв батлах эрх мэдэл нь хүний эрхийг хамгаалах гол арга хэрэгсэл юм гэдгийг онцлон тэмдэглэсэн.
Дараа нь Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин зохицуулагч, ноён Тапан Мишра цахимаар мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрбээр, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн баярт зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлэх завшаан тохиосон нь нэр төрийн хэрэг гэдгийг тодотгоод ойг тэмдэглэж буй энэ цаг үед бид хүний эрхийг хамгаалахад урьд, хожид тохиож байгаагүй томоохон сорилтууд төдийгүй шинэ боломжуудтай тулгарч байна. Авлига, уур амьсгалын хямрал, дижитал халдлага, популизм болон экстремизм газар авч буй нь бидний хүсэл зориг болоод эв нэгдлийг сорьж байна гэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүдэд хандаж, өнгөрсөн үеийн ололт, амжилтыг тэмдэглэхийн сацуу хэтийг харж ирээдүйгээ тодорхойлж, хүний эрх эрх чөлөөг сахин хамгаалах парламентын хяналтыг сайжруулж, бүх хууль тогтоомжийг хүний эрхийн түгээмэл тунхаглалын зарчмууд болон олон улсын хүний эрхийн хэм хэмжээтэй нийцүүлэх нь нэн чухал. Бид хүний эрхийн асуудлаар Улсын Их Хурлын Ажлын хэсэг байгуулах, тогтоолууд батлах, хүний эрхэд суурилсан хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг хүний эрхийн төлөөх шинэ санаачилгуудыг хөхиүлэн дэмжих нь зүйтэй гэдгийг мэдэгдэж байлаа.
Түүнчлэн тэрбээр, Хүний эрхийг хангах талаарх үйл ажиллагаагаа Тогтвортой хөгжлийн зорилт-2030 хөтөлбөртэй уялдуулж буй Улсын Их Хурлын хүч чармайлтыг миний бие ихэд сайшаан дэмжиж байна. Үүний нэг тод жишээ болох ОУПХ-ны дэмжлэгтэйгээр хүний эрх болон жендерийн тэгш байдлын асуудлаарх өөрийн үнэлгээ хийхийг санаачилсанд баяр хүргэе. Тус үнэлгээ нь хүний эрхтэй холбогдох ололт, амжилт сорилт бэрхшээл болон тэргүүлэх зорилгоо тодорхойлж цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулахад эергээр нөлөөлдөг. Миний бие Монгол Улсад иргэний болоод улс төрийн эрхийг хамгаалж ардчиллыг бэхжүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон хүний эрхтэй холбогдох шинэ хууль тогтоомжуудыг баталсан явдалд баяр хүргэж байна. Үүний үр дүнд хараат бус үр нөлөөтэй хүний эрхийн болон шүүх засаглалын институц бэхжиж буйг дурдахад таатай байна. Эдгээр нь та бүхний олон улсын өмнө хүлээсэн хүний эрхтэй холбогдох үүрэг, амлалтаа хүндэтгэн сахих хүчин чармалтыг тод харуулж байна гэж байлаа.
Дараа нь “Эмнести Интернэшнл” Олон Улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Агнес Калламардаас "Хүний эрхийн түгээмэл тунхаглал" батлагдсаны 75 жилийн ойд зориулж Монгол Улсын Их Хурлаас хүндэтгэлийн хуралдаан хийж буйтай холбогдуулан талархлын захидал ирүүлснийг цахимаар танилцуулсан юм.
Уг захидалд “Эмнести Интернэшнл" нь шударга бусын эсрэг 10 сая гаруй хүнийг нэгтгэсэн дэлхий дахины хөдөлгөөн юм. Бид хүн бүр эрхээ эдэлдэг дэлхий ертөнцийн төлөө, үүний дотор дэлхий даяарх хүний эрх хамгаалагчид аюулгүй орчинд үйл ажиллагаагаа явуулдаг байхын төлөө кампанит ажил өрнүүлдэг. Олон улсын хүний эрх хамгаалагчдын өдрийг тохиолдуулан би Монгол Улсын Их Хурлаас 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, Азидаа анхдагч орон болсонд гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байна. Монгол Улс хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд хүний эрх хамгаалагчдын оруулж байгаа хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, 2022 онд уг хуулийг хэрэгжүүлэх механизмыг амжилттай байгуулсанд сайшааж байна гэсэн байв.
2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар хүний эрх хамгаалагчдын асуудлаарх тогтоолыг өргөн мэдүүлэхэд Монгол Улс хамтран оролцсон явдалд талархаж байгаагаа илэрхийлээд цаашид Монгол Улсын Их Хурлаас хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг практикт үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт бид итгэж байна. Энэ хуулиар хүний эрх хамгаалагчдыг бүрэн хамгаалахын тулд хүний эрх зөрчигчдөд хариуцлага тооцохыг шаардсан идэвхтний дуу хоолойг боомилж болзошгүй хуулийн цоорхойгоо арилгаж, хүний эрх хамгаалагчдад тайван замаар үйл ажиллагаагаа явуулах аюулгүй орчинг бүрдүүлэхийг "Эмнести Интернэшнлээс" уриалж байна гэж уг захидалд дурдсан байлаа.
Мөн захидалд, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан бид Монгол Улсын Их Хурлаас Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөртөө хүний эрхийг албан болон албан бус боловсролын тогтолцоонд нэгтгэх тухай удирдамж бүхий Хүний Эрхийн Боловсролын Дэлхийн Хөтөлбөр болон Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай НҮБ-ын Тунхаглалын дагуу хүний эрхийн боловсрол олгох асуудлыг тусган манлайлж, дахин Азидаа анхдагч орон болохыг уриалж байна гэсэн байв.
Үүгээр Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өндөрлөв хэмээн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
-
Цаг үе2023/05/01
Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой
-
Цаг үе2022/04/06
ЭМД-ын шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ?
-
Улстөр нийгэм2024/11/22
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон ...
-
Цаг үе2020/11/30
Үйлдвэрийн ажилтнуудын дархлааг дэмжихэд анхаарч, хоолны цэсийг шинэчиллээ
