Цаг үе
“Мөнх тэнгэрийн бичиг-2023” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо
Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Мөнх тэнгэрийн бичиг-2023” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Соёлын дэд сайд М.Батбаяр, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар шагналыг нь гардуулав.
Уран бүтээлчдийн ангилалд:
- Голомт банкны график дизайнер Ц.Тамир – “Жангар”,
- Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн багш Э.Анхбаяр – “Чингис хааны өчил”,
- Төгс Баясгалант буян дэлгэрүүлэгч хийдийн гэвш С.Буянхүү – “Манзушир бурхны сахиусан хүрд”,
- БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Монгол уран бичлэгийн нийгэмлэг”-ийн гишүүн Мэргэнбат – “Өлзийт сүлдэн үг минь”,
- БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны уран бүтээлч, МУБИС-ийн магистрант Уулын Самтан -“Эр хоёр загал”,
- Зүүн хүрээ Дашчойлин хийдийн бурханч лам, “Зүүн хүрээ” коллежийн багш М.Эрдэмбилэг – “Миний монгол бичиг”,
Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ангилалд:
- Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн багш Д.Дуламсүрэн – “Үүлэн зардас”,
- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш Л.Ууганжаргал – “Цаасан шувуу” сургаал,
- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Э.Мөнхдалай – “Чингис хааны билиг сургаал”,
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Томужин” алтернатив сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Х.Амаржаргал – “Эртний сайхан”,
- МУИС-ийн “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрийн I ангийн оюутан Ч.Өнөрзаяа – “Гэсэрийн тууж”
- ШУТИС-ийн оюутан Б.Хандсүрэн – “Тусгаар тогтнол”
- МУИС-ийн III ангийн оюутан Б.Хүслэн-Эрдэнэ – “Дэлхийн нийслэл Хархорум”,
- МУИС-ийн “Багш, монгол хэл, уран зохиолын боловсролын хөтөлбөр”-ийн I ангийн оюутан Ү.Энхжин – “Саран хөхөөний тууж”,
- ШУТИС-ийн оюутан Т.Дөлгөөн, Б.Бадамхорол, А.Халиун, Е.Энхжин – “Цогтын хадны бичиг”,
11-12 дугаар ангийн сурагчдын ангилалд:
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Цолмон – “Оюун түлхүүр”,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын “Титэм” сургуулийн сурагч Т.Цэрэнням – “Хуучин хүү”,
- Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Баяр-Эрдэнэ – “Тамгагүй төр”,
- Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 79 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ц.Цэрэн-Очир – “Оюун түлхүүр”,
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Хөгжил” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ – “Мөнх тэнгэрийн бичиг”,
8-10 дугаар ангийн сурагчдын ангилалд:
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Томужин” алтернатив сургуулийн 8 дугаар ангийн сурагч Г.Цэнд-Аюуш – “Бурхан багшийн сургаал”,
- Увс аймгийн Наранбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Б.Заяа – “Чингис хааны сургаал”,
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Гурван тамир” сургуулийн 8 дугаар ангийн сурагч Ө.Совьдхүү – “Гэсэр тууж”,
- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Б.Эмүжин – “Жамухын өчил”,
- Булган аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн сурагч Н.Ананд – “Оюун түлхүүр” бүтээлээрээ эхний гурав болон тусгай байр эзэлжээ.
Үзэсгэлэнд манай улсаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Орны уран бүтээлч, уран бичээч багш, оюутан, сурагчид 300 гаруй бүтээлээ ирүүлжээ. Энэ жил оюутны ангиллыг шинээр нэмсэн байна.
“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ хүрээнд үндэсний бичиг үсгээ сурч байгаа сурагчид, багш нар болон монгол уран бичлэгийг гарамгай эзэмшсэн уран бүтээлчдийг хөхиүлэн урамшуулж, шилдэг бүтээлүүдийг нийтэд сурталчлан таниулдаг юм.
Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Нийслэлийн Соёл, урлагийн газар, МҮОНРТ, Боловсролын ерөнхий газар, “Чингис хаан” үндэсний музей, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, МУИС, Олон улсын монгол уран бичлэгийн холбоо, Монголын урчуудын эвлэл хамтран зохион байгууллаа. “Мөнх тэнгэрийн бичиг-2023” үзэсгэлэнг “Чингис хаан” музей нийтэд толилуулж байна.




Цаг үе
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газрын бодлогоо танилцуулав.
Ерөнхий сайд Н.Учрал энэ удаагийн айлчлал нь Засгийн газрын тэргүүний түвшинд найман жилийн дараа болж байна. Олон жил дуусдаггүй яриаг дуусгаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг олон салбарт эерэг нөлөө гарна. Хоёр орны харилцааны хамгийн том баялаг бол хүн. Тиймээс Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер” төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ.

Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг олон жил ярьсан, хэлэлцээг энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн Давхар татварын хэлэлцээрийг 2026 онд эхлүүлэхээр тохиролцлоо. Хөрөнгө оруулагчдад тогтвортой орчин чухал. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд шинэчилнэ. Засгийн газрын “Дөрвөн Чөлөөлөлт”-ийн бодлого хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгааг хэлэв. Тухайлбал, 280 зөвшөөрлийг цахимаар олгож байна. УИХ-аар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулсан. Гадаадын банк байгуулах эрх зүйн орчин нээлттэй болсон. БНСУ-ын хоёр банк, Унгарын нэг банк сонирхлоо илэрхийлсэн.

Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалтын шинэ бат бөх суурь бий болгох хүрээнд хөрөнгийн удирдлагын чиглэлээр салбартаа тэргүүлэгч BlackRock компанитай гэрээ байгуулж ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд IPO гаргаж, менежментийг олон улсын компани удирдах тогтолцоонд шилжинэ. Ирэх онд 1072 хувьцааг Хөрөнгийн биржид бүртгэснээр иргэн бүрийн эзэмшиж буй хувьцааны үнэлгээ өснө гэж үзэж байна.

Уулзалтын үеэр Японд ажиллаж, амьдарч буй манай иргэдийн санал бодлоо хэлж, Ерөнхий сайд асуултад нь хариулав. Япон Улсад 21 мянга гаруй монгол иргэн байнга оршин сууж байна.







Цаг үе
Жетро монголд салбараа нээнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав.
Уулзалтын үеэр Монгол, Японы худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж буй талаар мэдээлэв.
Монгол Улсад ЖЕТРО Төлөөлөгчийн газраа байгуулах тухай манай саналыг Японы тал дэмжиж буйд талархал илэрхийлж, манай улсаас Японд нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЖЕТРО олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтнийг түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд худалдаалах бараа, бүтээгдэхүүнийг судалж, үйлдвэрлэлт, борлуулалтын “ноу-хау”, инновацыг нутагшуулах, маркетингийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Энэ нь хөгжиж буй улс орнуудын хувьд технологи, инновацын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.
ЖЕТРО 1958 онд Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан. Японы бараа бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад таниулан сурталчлах, Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүнийг судлах, үзэсгэлэн яармаг зохион байгуулж, сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.
Цаг үе
Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ
Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэрэгтэй холбоотойгоор Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн талаар тус банкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүдтэй уулзах үеэр мэдээллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар 2026 оны есдүгээр сарын 29-нд Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцсан байна.

Уулзалтын үеэр С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, гишүүдтэй санал солилцов. Тэрбээр төслийг сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн, тухайн жилийн онцлогт нийцүүлж, хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулсныг онцолжээ. Хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх уг төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авсан байна.

Мөн тогтолцооны суурь шинэчлэл хийх шаардлагатайг дурдаж, төв банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламентын дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлэв. Монголбанк анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг танилцуулжээ.
Байнгын хорооны дарга Б.Заяабал Валютын зохицуулалтын тухай хууль болон уулзалтаар хөндсөн, хэрэгжилт хангалтгүй эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндөв.
Гишүүдийн зүгээс ипотекийн зээлийн хөтөлбөрийн харьяалал, ногоон зээл, төв банкны санхүүгийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Б.Мөнхсоёл ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөр байгууллагад шилжүүлэх асуудал олон жил яригдсан ч шийдэгдээгүйг дурдсан бол Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулсныг сайшааж, ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах нь зохистой эсэхийг тодруулав.
О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, Ж.Золжаргал эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн шийдэл шаардлагатай болсон талаар байр сууриа илэрхийллээ.
-
Улстөр нийгэм2024/06/14
“Тавантолгой төмөр зам” ХХК 1.5 сая.тонн ачаа тээвэрлэлээ
-
Цаг үе2019/09/12
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
-
Цаг үе2021/03/02
"Хүүхдээ сонсох өдөр"-т төгсөх ангийн сурагчдыг урьж ярилцлаа
-
Улстөр нийгэм2020/11/12
Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлалаа

