Цаг үе
D-Petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг энэ сарын 17- нд танилцуулна
УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 оын аравдугаар сарын 10-ны өдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, D-petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг танилцууллаа.
УИХ-аас ардчилсан, ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг бий болгох зорилгоор D-parliament цахим системийг нэвтрүүлээд жил гаран болж байгаа бөгөөд энэхүү цахим системийг хөгжүүлэн D-petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг боловсруулж дуусч байгаа аж. Ингэснээр Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах боломж бүрдэж байгааг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцолж, D-petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг 2023 оны 10 дугаар сарын 17-нд олон нийтэд танилцуулах болно гэлээ.
Иргэд, олон нийт D-parliament цахим системийн Санал асуулга цэсээр дамжуулан хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, олон нийтийн анхаарал татсан асуудлаарх санал асуулгад оролцох боломжтой аж. Тухайлбал, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангатгахтай холбоотой Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэнээс ирүүлсэн саналыг байршуулсан байна.
УИХ-ын Тамгын газрын Цахим парламент, инновацын газрын дарга С.Тамир, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд иргэд тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудас, гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан Улсын Их Хурлын албан ёсны программ хангамжаар дамжуулан хэрэгжүүлж болно гэж заасан. Иймд хуульд зааснаар тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол мөн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн түүнчлэн хуулийн төслийн талаарх саналыг 100.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхээр зохицуулсан хэмээн мэдээллээ.
Иргэд Нийтийн цахим өргөдөл, гомдлын системд танилт, нэвтрэлтийн “ДАН” систем болон “Цахим гарын үсэг”-ээр нэвтрэх боломжтой бөгөөд Улсын Их Хурлын Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журмыг баталсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Цаг үе
Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авлаа
Иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд (2021-2025) усны ослын 537 удаагийн дуудлага бүртгэгдэж, 464 хүн амь насаа алдсан байна.
Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 68 хувь нь гол мөрөнд, 20 хувь нь нуурт, 12 хувь нь тогтоол усанд энджээ. Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа тухайн очих газрынхаа онцлогийг судалж, усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Онон /Дадал/ , Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давсан байна.
Өнөөдөр буюу 6 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ мөрөн, Тосонцэнгэл сум орчимд болон Эг гол Хантай баг орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байна.
Мөн
- 6-р сарын 17-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
- 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох юм байна.
Иймд тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв.
Цаг үе
"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-д Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчныг энэ сарын 18-ны өдөр тодруулна
Киргизстаны нийслэл Бишкек болон Чолпон-Ата хотуудад ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 06-ны өдрүүдэд "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" зохион байгуулагдана. Тус наадам нь 2 жилд нэг удаа болдог бөгөөд 2022 онд Туркийн Изникд болсон наадамд 102 орны 3000 гаруй тамирчин, 2024 онд Казахстаны Алматад 89 орны 2500 орчим тамирчин оролцож байжээ.
Энэ удаагийн VI наадамд 60 орон оролцохоо албан ёсоор мэдэгдсэн бөгөөд 60 орчим орны 4000 гаруй тамирчин, төлөөлөгч оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээлээд байна.
Тус наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох бөхийн 6 төрлийн тамирчныг тодруулах, сонгон шалгаруулалтыг 2026.06.18-ны өдрийн 11.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.
Тус сонгон шалгаруулалт нь дараах бөхийн төрлүүдээр, халз барилдаан хэлбэрээр зохион байгуулагдана. Үүнд:
- Монголын Үндэсний бөх
- Казак Курес бөх
- Иран Пахлавани бөх
- Киргиз Алыш бөх
- Кураш
- Бүстэй барилдаан
Эдгээр бөхийн төрлүүдээр эх орноо төлөөлөн "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" оролцох тамирчны сонгон шалгаруултад оролцох боломжтой юм байна.
