Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөгт зочлоорой

Огноо:

,

“Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөг  Сүхбаатарын талбайд өнөөдөр нээлтээ хийлээ. Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл хамтран “Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо энэ сарын 6,7–ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

 

Өдөрлөгийг нээж Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав “Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого дахь Хөдөөгийн сэргэлтийг хэрэгжүүлэх хүрээнд Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлтэйгээ хамтарч “Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг зохион байгуулж байна.

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан 2023 оныг “Хөвсгөлд зочлох жил” болгон зарлаж, олон эвент арга хэмжээг бид нутагтаа зохион байгуулсан. “Мөсний баяр”, “Цаа, цасны баяр”,  “Сарлагийн баяр”, “Алунгоо эхийн сургаалийн баяр”, “Монгол бөхийн баяр”, “Тэсийн голын нүүдэлчид” гээд өв соёлын наадам зохион байгуулсны үр дүнд 120 гаруй мянган дотоод, гадаадын аялагчид жуулчид Хөвсгөл аймагт маань зочилж, аяллаа.  

Энэ өдрүүдэд Хөвсгөлчүүд бид нийслэлчүүд та бүхэнд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулахаар хүрэлцэн ирлээ. Сум бүр өөрийн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, малчин түмний маань үйлдвэрлэдэг цагаан идээ, бусад гар урлалаа та бүхэнд танилцуулж байна.  Маргааш Улаанбаатар зочид буудалд “Хөвсгөлийн ирээдүй” хэлэлцүүлэг болно. Хөвсгөл аймаг хэрхэн хөгжиж байгаа, эдийн засгийн ямар үзүүлэлттэй байна, цаашид ямар чиглэлээр хөгжих талаараа энэ хэлэлцүүлгээр тодорхой ярина.

Хөвсгүүлчүүд бид зургаан ястан, зургаан хошуу малтай, улсдаа хөдөө аж ахуйн салбарт тэргүүлж ирсэн аймаг. Цаашдаа ч хөдөө аж ахуйн салбар Хөвсгөл аймгийн эдийн засгийн гол тулгуур байх болно” хэмээн хэлсэн үгэндээ онцлов.

 

Дараагаар нь “Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг санаачлан зохион байгуулагч, Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзориг “Улаанбаатар хотод Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, 24 сумтайгаа хүрэлцэн ирсэн байна. Хөвсгөл аймаг аялал жуулчлалын салбарт тулгуур төв болон үйл ажиллагаа тэлж байгаа. Энэ цаг үед бид хамтран ажиллаж байж аливаа салбар, бизнесийг хөгжүүлнэ гэдэг зорилготой. Бид өөрсдийгөө таниулахаас гадна хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт татах юм.

Хамгийн цэвэр органик хүнс бидэнд байдаг. Энэ онцлогоороо бид улсдаа төдийгүй дэлхийд гайхагдсан бараа бүтээгдэхүүн экспортлох зорилготой. Энэ зорилгоо хэрэгжүүлэхэд шинэ технологи, инновац хэрэгтэй. Тиймээс бид Улаанбаатарчуудтайгаа, монголчуудтайгаа мэдээллээ солилцсноор хөгжилд хүрнэ” хэмээв.

 

Ийнхүү Сүхбаатарын талбайд “Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөг үргэлжилж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ арга хэмжээний үеэр

  • “Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалт,
  • “Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэн,
  • “Хөвсгөлөөр аялцгаая” үзвэр, мэдээлэл,
  • “Хөвсгөлчүүд дайлж байна” амталгаат худалдаа,
  • “Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулга,
  • “Хөвсгөлийн цуурай” Хөвсгөл аймгийн зураач, урчуудын үзэсгэлэн,
  • “Хөх сувдын орон” урлагийн тоглолт,
  • “Хөвсгөл гоёл” үндэсний хувцасны загварын үзүүлбэр,
  • “3X3” сагсан бөмбөгийн тэмцээн, номын үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Нээлттэй Хөвсгөл”-д ирснээр та Хөвсгөл аймгийн онцлогтой танилцаж, урлаг соёлын үзүүлбэр үзэж, Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүн, хүнс, хоолыг амтлах, худалдан авах боломжтой.

Хөвсгөл нутагт ажиллаж амьдрах бүх талын дэмжлэг, боломжийг танилцуулах, аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байна.

Өдөрлөгт Хөвсгөл аймгийн 21 сумын 200-аад иргэн, аж ахуйн нэгж 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр оролцож байна.

Н.Энхлэн

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.

Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.

Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.

Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.

Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.

Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.

Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.

Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.

Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.

Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна

Огноо:

,

Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.

Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.

Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.

Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.

Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.

Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.

Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа

Огноо:

,

Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.

Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.

Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох