Улстөр нийгэм
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган эхэллээ
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2023.10.02) 10 цаг 01 минутад гишүүдийн 71.2 хувийн ирцтэйгээр эхлэв.
Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. /УИХ-ын даргын хэлсэн үг бүрэн эхээрээ /
Тэрбээр хэлсэн үгэндээ, УИХ-ын энэ удаагийн бүрэн эрхийн "отгон" намрын чуулган эхэлж байгааг онцлоод Монголын улс төр уламжлал, шинэчлэлийн зааг үеэ туулж байна. Монголын ардчиллын тулгуур багана болсон Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, сонгуулийн шинэ тогтолцоо бүрдүүлсэн, Улс төрийн намын шинэ хууль батлагдсан гээд улс төрийн цоо шинэ уур амьсгал дор Монгол хүн бүр ирээдүйдээ итгэл найдвар тавин хүлээж байна.
Мөн Ард түмний оролцоо нь ардчиллын хэвтээ хяналтын тогтолцооны үндэс суурь юм. Ардчиллын манлайлагч С.Зоригийн “Монгол хүний саруул ухаанд би итгэдэг” гэж өгүүлсэнчлэн УИХ-ын гишүүд маань ард, иргэдийнхээ чин хүсэл зоригийг мэдэрч, ажиллах ёстой. Худал хуурмаг, хулгай луйвар тав алхалгүй танигдаж илчлэгддэг болжээ. Хууль зөрчсөн ард түмнийхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцож, төрийн бодлого нь иргэдийнхээ хүсэл шаардлагад нийцэж ажиллах хэрэгтэй байна. Ингэж чадахгүй бол төр, иргэний итгэлцэл алдарна гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн тэрбээр, Монголын төр засаг авлигал хээл хахуультай тууштай тэмцсээр байгаа ч үр дүн нь өргөс авсан мэт түргэн гарахгүй байна. Хөгжлийг гацааж хувиа бодсон цөөн хэсгийн шуналт үйлдлийн үр дагавар өнөөдөр Монгол төрийн нэр хүндийг удаанаар, "тогтвортой" унагаж, баллуурдаж байгааг дурдаад УИХ-ын гишүүдээс авлигын эсрэг тэмцэлдээ сэтгэл, зориг нэгтэйгээр тууштай зүтгэхийг хүсэв.
Нийслэл хотод 30 жил ужгирсан, яг энэ цаг үед нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд буй асуудлуудыг шалгаж, шийдэмгий, шуурхай арга хэмжээ авах нь чухал байна. Энэ зорилгоор УИХ-ын Хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, нийслэл дэх газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан, цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига, хээл хахуулийн сүлжээг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ тэмдэглээд энэ асуудалд УИХ дахь Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо, холбогдох Байнгын хороод, УИХ дахь намын бүлгүүдэд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг чиглэл болголоо.
Мөн өнгөрсөн хаврын чуулганыг Авлигын эсрэг чуулган гэж зарлаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Монголын эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулсан “нүүрсний” гэх тодотголтой хэргийн сонсголыг нэн тэргүүнд зохион байгуулахыг иргэд, та биднээс шаардаж байгааг дурдаад авлигын эсрэг тэмцэх эрхэм зорилгыг ч энэхүү чуулганаар үргэлжлүүлэх шаардлагатай гэж байв.
Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, Намрын чуулганы томоохон ажил нь улсын төсвийг хэлэлцэн, батлах явдал юм. Энэ жилийн төсвийг сонгуулийн жилийн төсөв болохгүй байх тал дээр онцгойлон анхааруулахын зэрэгцээ улсын төсвийг батлах хэлэлцүүлэгт туйлын хариуцлагатай хандахыг УИХ-ын гишүүдэд уриалсан юм.
Улсын Их Хурлын дарга үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр намрын чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
