Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Огноо:

,

УИХ-ын чуулганы 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

Улсын Их Хурлын даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 157 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Ж.Мөнхбат, Л.Оюун-Эрдэнэ, О.Содбилэг нарын бүрэлдэхүүнтэйгээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажиллуулах Ажлын дэд хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын дэд хэсэг нийт найман удаа, ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж саналын томьёоллыг бэлтгэж Байнгын хороонд оруулсан. Байнгын хорооны хуралдаанд төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргасан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх саналыг хэлэлцэн шийдвэрлэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  нь дэмжсэн гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулгадаа дурдсан.

Хуралдаанд харилцаа холбоо зохицуулах хороо, Монголын телевизүүдийн холбоо болон олон суваг дамжуулагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар, Б.Ундармаа, Л.Болд, Г.Тэмүүлэн, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Ж.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ  нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс хууль батлагдсанаар эцсийн хэрэглэгч болсон үзэгчдийн телевизийн хураамж нэмэгдэх эсэх, олон нийтийн радио, телевизийн бэлтгэн дамжуулж байгаа зохисгүй мэдээлэлд хязгаар, хориг байгаа эсэхийг илүүтэй тодруулахын зэрэгцээ сангийн хөрөнгийн зарцуулалтын талаар лавлаж байлаа.

Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хариултдаа, Олон сувгийн дамжуулалт эрхэлдэг бизнес эрхлэгчид үзэгчдийн хураамжныхаа 15-аас доошгүй хувийг үндэсний түүх, уламжлал, хүүхэд, танин мэдэхүй зэрэг таван чиглэлээр контент бэлтгэхэд зарцуулахаар тохирсон. Нөгөө талаас өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн бүтээл нь чанартай байх шаардлага тавигдана. Үзэгчдэд ямар нэгэн төлбөрийн дарамт учруулахгүй.  Үүн дээр талуудад ямар нэгэн үл ойлголцол байхгүй гэдгийг дурдав.

Энэ үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний контентыг дэмжих гэсэн заалт орсон. Хууль батлагдсанаар өргөн нэвтрүүлгийн бие даасан 80 гаруй телевиз, радиогийн оюуны өмчийг дэмжинэ гэсэн нэмэлт тайлбарыг хийсэн.

Хуулийн төсөлд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид эзэмшигчээ ил болгох, 25 дугаар зүйлд редакци хариуцлагатай байж, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөх үүргийг оруулсан бол 27 дугаар зүйлд олон нийт, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахын тулд  хориглосон агуулгатай тодорхой заалтуудыг тусгасан гэдгийг Ажлын хэсгийнхэн хариултдаа онцлов. Мөн сангийн хөрөнгийг зөвхөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд олгох бус үндэсний бүтээл хийдэг нөхцөл шаардлага хангасан бүх үйлчилгээ эрхлэгчдэд хамаарна гэж байлаа.

Ингээд хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн “4.1.1.“өргөн нэвтрүүлэг" гэж радио, телевизийн хөтөлбөр бэлтгэх, тэдгээрийг нэгтгэн харилцаа холбооны сүлжээ, төхөөрөмжөөр нэг цэгээс олон нийтэд нэгэн зэрэг хүргэхийг;” гэж, төслийн 4 дүгээр зүйлийн  “4.1.3.“радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ” гэж радио давтамж ашиглан сүлжээ байгуулж, хэрэглэгч хүлээн авах төхөөрөмж ашиглан радио, телевизийн үйлчилгээг тодорхой хамрах хүрээнд үнэ төлбөргүй хүлээн авах боломжоор хангах үйлчилгээг;” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ.

Түүнчлэн төслийн 4 дүгээр зүйлд “4.1.20.“бүтээл" гэж зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүнг;”, 4.1.21 .“өргөн нэвтрүүлгийн радио, телевиз” гэж олон талт хөтөлбөртэй энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т заасан үйлчилгээний сүлжээгээр заавал дамжих арилжааны радио, телевизийн үйлчилгээг; 4.1.22.“төлбөртэй радио, телевиз” гэж хэрэглэгч тухайн сувгийг сонгон, олон суваг дамжуулах үйлчилгээгээр дамжуулан төлбөр төлснөөр идэвхижих радио, телевизийн үйлчилгээг;” гэсэн агуулгатай заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Мөн төслийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “6.1.5.өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ;”, “6.1.6 төлбөртэй радио, телевизийн үйлчилгээ.” гэж, төслийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “7.4.5.энэ хуулийн 6.1.6-д зааснаас бусад төрлийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг нээлттэйгээр сонгон шалгаруулах;”, “7.4.6. гадаадын хөрөнгө оруулагч бүхий хуулийн этгээдэд радио, телевизийн газрын сүлжээний болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглох." гэсэн агуулгатай заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Түүнчлэн төслийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг “Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээний ашиглалтыг төр хариуцах бөгөөд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг энэ хуулийн 29.1.5-д заасныг баримтлан үнэ төлбөргүй дамжуулна” гэж, төслийн 23 дугаар зүйлийн 26.6.5 дахь хэсгийг “өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн хөтөлбөрт эзлэх үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг” гэж өөрчлөн найруулахаар болов. Радио, телевизээр дамжуулах аливаа хэлбэрийн зар сурталчилгааны хязгаарлалт, хөтөлбөрийн ивээн тэтгэлт, төлбөрт, захиалгат, теле-худалдааны нэвтрүүлгийн талаарх зохицуулалт хийхтэй холбогдсон журмыг Зохицуулах хороо баталж, хэрэгжилтэд хяналт тавих, радио, телевиз  эрхлэгчид нь Зар сурталчилгааны тухай хуулиар хязгаарласан сурталчилгаа бэлтгэж, нэвтрүүлэхийг хориглох саналыг дэмжлээ. 

Мөн төслийн 24 дүгээр зүйлд “24.6.Төлбөртэй радио, телевиз болон теле-худалдааны чиглэлээр төрөлжсөн радио, телевизээр зар сурталчилгаа бэлтгэж, нэвтрүүлэхийг хориглоно.”  гэсэн хэсэг нэмэх, төслийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “29.1.5.Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг сонгох шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлагыг батлах, сонгон шалгаруулах, хэрэгжилтэд хяналт тавих;” гэсэн агуулгатай заалт шинээр нэмж, дугаарыг өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Хуулийн төсөлд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүргийг зохицуулсан 31 дүгээр зүйлийг шинээр нэмж тусгахаар болж, уг хуулийн төслийг   “2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс” дагаж мөрдөхөөр өөрчилснийг тус тус дэмжлээ.

Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс гаргасан найруулгын саналууд болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

Ингээд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр үдийн цайны завсарлага болсон тул чуулганы хуралдаан завсарлалаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох