Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Батлагдсан хуулиудын талаар мэдээлэл өглөө

Огноо:

,

Улсын Их Хурлаас долоо хоногийн Мягмар гарагт “Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа хуулийн төсөл болон батлагдсан хуулиудын талаар олон нийтэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ дагуу 2023 оны зургаадугаар сарын 20-ны өдөр  Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хурлаар баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Гадаадад байгаа иргэд зөвхөн жагсаалтаар нэр дэвшигчдэд санал өгнө

 Хэвлэлийн бага хурлын эхэнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцууллаа.  Тэрбээр Улсын Их Хурлын гишүүн  Н.Энхболд нарын 4 гишүүн 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар мөн 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг нэгтгэн, Ажлын хэсэг ажиллаж, өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар нэгтгэсэн төслийг эцэслэн баталсныг дурдаад нэмэлт өөрчлөлтийн онцлох зохицуулалтуудын талаар мэдээлэл өгөв.

2023 оны тавдугаар сарын 31-нд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдсан. Энэ өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдэж, сонгуулийн тогтолцоо холимог байхаар хуульд тусгагдсан. Энэ өөрчлөлтийг Сонгуулийн тухай хуульд зааж өгсөн. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорциональ/ аргаар сонгоно. Улсын Их Хурлын гишүүнийг жагсаалтаар сонгох сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байна гэж заасан талаар ярив. 

Түүнчлэн Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй. Гадаадад санал авах өдөр нь дөрөв хүртэл өдөр байна гэх зэргээр хуульд заасан онцлох зохицуулалтуудын талаар тайлбарлалаа. Ингэхдээ гадаад улсад байгаа иргэдээс санал авахдаа зөвхөн жагсаалтаар нэр дэвшигчид буюу улстөрийн намуудын нэр дэвшилтээр санал авна. Тойрогт нэр дэвшигчдэд гадаадад байгаа иргэд санал өгөх боломж байхгүй хэмээн тодотголоо. Харин сонгуулийн дүнг гаргахдаа тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх, намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх зэрэг шаардлагуудын тусгасан талаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэлдээ дурдлаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголоор олон жил хуримтлагдсан асуудлуудын суурийг зөв болгох ажлыг Улсын Их Хурал, Засгийн газар хамтарч хийлээ

 Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хурлаар баталсан Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцууллаа. Тэрбээр ярианыхаа эхэнд “одоогийн байдлаар инфляцын түвшин 11,3 хувьтай байгаагаас гадна өнгөрсөн 20 гаруй сарын хугацаанд инфляцын түвшин 10-аас дээш хувьтай байснаас иргэдийн бодит орлого 5,9 хувиар буурсан. Тиймээс энэ удаагийн төсвийн тодотголын хүрээнд зөвхөн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, айл өрхийн орлогыг дэмжсэн тодотгол хийе гэсэн зорилт дэвшүүлсэн. Улсын Их Хурал, Засгийн газраас хэд хэдэн судалгааг хийсний үндсэн дээр төсвийн тодотголыг өргөн барьж, Улсын Их Хурлаар баталлаа. Төсвийн тодотголоор бүх асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Зөвхөн таван асуудал дээр төвлөрч төсвийн тодотголыг хийлээ” гэж онцлов. Тодруулбал цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, зорилтот халамжийн тэтгэвэр болон нийслэлийн түгжрэлтэй холбоотой таван асуудал дээр төвлөрч ажилласан гэлээ.

Түүнчлэн Төсвийн тодотголын хүрээнд олон жил  яригдсан ч төрийн албан хаагчдын нийгмийн баталгаатай холбоотой асуудал, нийгмийн хамгаалалд буюу тэтгэврийн шинэчлэл нь онцлох гол асуудлууд хэмээн Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тодотголоо.

Тухайлбал, төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог өөрчилсөн. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 30 гаруй хуулиар цалингийн зохицуулалтуудыг хийж ирснийг өөрчлөх шаардлагатай болсон. Төрийн албан хаагчдын нэмэгдэл 104 хуулиар зохицуулагдаж байгааг цаашдаа зөвхөн Төрийн албаны тухай хуулиар шийдвэрлэдэг байх, нэгдсэн нэг бодлоготой байх зохицуулалт төсвийн тодотголын хүрээнд хийгдсэн гэж танилцуулав.  Үргэлжлүүлэн цаашдаа цалин болон тэтгэвэр инфляцын түвшинтэй уялдаад нэмэгддэг байх суурь шинэчлэл хийгдэж байна. Монгол Улсад 225 мянган төрийн албан хаагч байгаагийн 217 мянган төрийн албан хаагч нь цалингийн нэмэгдлийн хүрээнд хамрагдах болно гэв. Түүнчлэн Төсвийн тодотголыг дагаж 7 хууль, 2 тогтоолын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан талаар танилцууллаа.

 УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Дотоодод үйлдвэрлэж чадаж бараа бүтээгдэхүүнийг давуу эрхтэй худалдан авдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлсэн

 Хэвлэлийн хурлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар танилцууллаа.  Уг хуулийн төслийг Засгийн газар 2022 оны 12 дугаар сарын 14-ний  өдөр өргөн барьсныг Улсын Их Хурал 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан. Хуулийг 2023 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөх юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал ярианыхаа эхэнд, хуулийн шинэчилсэн найруулгаар хүний оролцоог бууруулах, нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, хялбар тендер шалгаруулалт, эх оронч худалдан авалтыг дэмжих, хариуцлагажуулах зэрэг асуудлуудыг гол үзэл баримтлалаа болгосон гэж онцлон тэмдэглэлээ.

Тухайлбал, эх оронч худалдан авалтыг дэмжих бодлогын хүрээнд зөвхөн дотоодын бараа үйлдвэрлэгч хоорондоо өрсөлдөнө, чанар стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор батална. Дотоодын давуу эрхийн зөрүүг заавал тооцно. Дотоодын барааны тендер шалгаруулалтад импортын бараа нийлүүлэгч оролцох эрхгүй гэх зэргээр хуулийн шинэчилсэн найруулгад тусгажээ. 

Мөн үндэслэлгүй бага үнээс татгалзах буюу төсөвт өртгөөс 20 хувиар бага үнэ ирүүлсэн бол үндэслэлийг заавал дурдана. Үндэслэлгүй бол тендерээс татгалзана гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох